“ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг (TDLA)-ийн санаачилга, АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар болон 12 их, дээд сургууль хамтран “Дээд боловсролын багшийн хөгжлийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт форумыг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Тус форумд их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийн төвийн 80 гаруй мэргэжилтэн, эрхлэгч, боловсролын хөгжүүлэгчид оролцож, багшийн тасралтгүй хөгжил, багшийн хөгжлийн төвүүдийн үүрэг, чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.
Дээд боловсролын шинэчлэлийн гол цөм нь зөвхөн сургалтын хөтөлбөр бус, түүнийг хэрэгжүүлэгч багш өөрөө гэдгийг форумын үеэр онцолсон юм. Орчин үеийн дээд боловсролын чиг хандлага нь багшийг мэдлэг дамжуулагчаас илүүтэй суралцагчийг чиглүүлэгч, судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн, тасралтгүй хөгжигч мэргэжилтэн байхыг шаардсаар байна.
Форумын хүрээнд БМИҮЗ, ОТИС, МУИС-ийн төлөөллүүд багшийн хөгжил, чанарын баталгаажуулалт, байгууллагын дотоод чанарын тогтолцоо, профессор багшийн хөгжлийг дэмжих сайн туршлагын талаар судалгаа, туршлагад суурилсан илтгэлүүдийг танилцуулж, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир форумын ач холбогдлыг чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах гэсэн гурван үндсэн чиглэлээр онцолж, багшийн хөгжлийн төвүүдийг бодлогоор системтэй дэмжих шаардлагатайг онцолсон юм.
Боловсролын ерөнхий газар нь багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах, багшийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг цаашид тогтвортой дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Тус форумыг ХҮТИС, ХТПК хамтран зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн “Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг” (TDLA)-ийн хяналтын зөвлөлд ХҮТИС, ХТПК-ийн багшийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Сэржмядаг сонгогдон ажиллаж байна.