МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬД АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах хүрээнд Хүнс, технологийн цогцолбор сургуульд ажиллалаа.Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бэлтгэх нь чухал ач холбогдолтой юм.Энэ хүрээнд Хүнс, технологийн цогцолбор сургууль нь хүнс, технологийн салбарын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэж, үндэсний хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.Тус сургууль нь мэргэжлийн болон техникийн боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг хэрэгжүүлсэн шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлж, суралцагчдад боловсролоо үргэлжлүүлэн ахиулах, мэргэжлээрээ өсөн хөгжих боломжийг олгодгоороо онцлогтой.Анх 1965 онд Хүнсний үйлдвэрийн Техник мэргэжлийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн тус байгууллага нь өдгөө 61 жилийн түүх, баялаг туршлагатай, хүнс, технологийн салбарын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх үндэсний хэмжээний чухал боловсролын байгууллага болон хөгжжээ.Сургалтын үйл ажиллагаандаа онол, практикийг хослуулж, үйлдвэрлэлийн бодит орчинд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.Ийнхүү Хүнс, технологийн цогцолбор сургууль нь хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил, дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх замаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.