Хүнс, технологийн политехник коллеж болон АПУ ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Brew the Future” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны төгсөгчид дипломоо гардан авлаа.Тус хөтөлбөр нь аж ахуйн нэгжийн ажилтнуудад мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх, ажлын байран дээрх ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зорилготойгоор хэрэгжсэн юм.Хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд онол, практикийг хослуулсан сургалтад амжилттай суралцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ахиулан, эзэмшсэн боловсролоо баталгаажуулж, дипломоо гардан авсан нь боловсролын байгууллага, ажил олгогчийн үр дүнтэй түншлэлийн бодит илэрхийлэл боллоо.АПУ ХК нь ажилтнуудынхаа боловсрол, мэргэжлийн хөгжилд чиглэсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж, ажилтан бүрийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар байгууллагынхаа төдийгүй Монгол Улсын хүнсний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байна.Хүнс, технологийн политехник коллежийн хувьд ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд нийцсэн сургалтыг хөгжүүлэх, ажиллаж буй иргэдэд боловсрол эзэмших, мэргэжлээрээ өсөн дэвших боломжийг бүрдүүлэх нь сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал чиглэл юм.“Brew the Future” хөтөлбөрийн анхны төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ